Израилийн нийслэл Тель-Авив хотод олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” ангиллын тэмцээн болно. Ирэх сарын 8-нд эхлэх тус тэмцээнд одоогийн байдлаар 50 орны 240 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Канадын Жессика Климкайт, Криста Дэгүчи, Азербайжаны Элмар Гасимов, Нидерландын Хенк Грол, Ким Поллинг, Майкл Коррел, Чехийн Лукас Крпалек, Шведийн Мациас Томми, Словенийн Тина Трстиняк, Украины Георгий Зантария тэргүүтэй шилдгүүд өрсөлдөнө. Харин манай улсаас Германд бэлтгэлээ хийж буй монгол иргэншилтэй, Ираны алдарт тамирчин Сайед Моллаей аварга зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Түүний хувьд өмнө нь Монголын нэрийн өмнөөс дөрвөн тэмцээнд оролцохдоо хоёроос нь медаль авсан юм. Хамгийн сүүлд 2021 оны эхний тэмцээн болох Катарын Дохад зохион байгуулагдсан “Мастерс”-т барилдсан ч медальгүй хоцорсон билээ. Харин Монголын бусад жүдоч оролцох эсэх нь тодорхой бус бөгөөд “Найрамдал”-д нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Дохаг зорьсон жүдочдын тусгаарлалтын хугацаа өнөөдрөөс дуусаж, үргэлжлүүлээд гэрийн тусгаарлалтад долоо хоног байна.