Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 77Б, 6 дугаар байрны нийт найман иргэнээс Covid-19 илэрсэн талаар тус хорооноос өчигдөр (2021.01.30) 21.00 цагт мэдээлэл хийлээ.
Уржигдар сэжигтэй тохиолдол илэрсэн 6 дугаар байрнаас нэмж долоон тохиолдол ийнхүү батлагдсан байна. Үүнээс гадна тус хороонд шинээр баригдсан 77Б байрнаас мөн сэжигтэй тохиолдол илэрчээ. Тухайн хүн “Mixx” пиццанаас пицца захиалж идсэн гэх мэдээлэл байна. Тиймээс дээрх хоёр байранд хөл хориод байна.
“Mixx” пиццаны хүргэлтийн ажилтан өвдсөнтэй холбоотой ажилтан болон гэр бүлийн нийт батлагдсан тохиолдол ийнхүү 12 боллоо. Энэ сарын 29-ний байдлаар дараах 13 байршлыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон бол Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 77Б, 6 дугаар байранд нэмж хөл хорио тогтоогоод байна.
Баянгол дүүрэг: 21-р хороо, Горьк нийтийн байр
4-р хороо, 4а байр
Баянзүрх дүүрэг: 2-р хороо, 8-1-р байр
5-р хороо, 6-р байр
8-р хороо, Х апартмент 1-р байр
16-р хороо, офицер таун хотхон 19-р байр
7-р хороо, 37а байр
7-р хороо, 38а байр
Чингэлтэй дүүрэг: 3-р хороо, 23-р байр
Сонгинохайрхан дүүрэг: 15-р хороо, 20-р байр
8-р хороо, 50 айлын орон сууц
Сүхбаатар дүүрэг: 1-р хороо, 23-р байр
8-р хороо, GB plaza
Эдгээр байршлуудад холбогдох албаныхан иргэдээс шинжилгээ авах ажил зохион байгуулж буй юм. Хамгаалалтыг буулгах тов байршил бүрт харилцан адилгүй байна.