Япон улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки өчигдөр Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 91,898 ам.доллар буюу ойролцоогоор 247,200,000 төгрөг бүхий ‘Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо ТББ-д тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл’-ийн хүлээлгэн өгөх ёслолд оролцов.
Тус төслийн хүрээнд Монгол Хараагүйчүүдийн Холбоо ТББ-д брайл хэвлэлийн машин 5 ширхэг, брайл хэвлэлийн машины программ хангамж 5 ширхэг, брайл дэлгэц 8 ширхэгийг хандивласан юм.
Уг төсөл хэрэгжихээс өмнө тус холбоо нь гурван ширхэг брайл хэвлэлийн машинтай байснаас нэг нь засварлах боломжгүй болж эвдэрсэн. Үлдсэн хоёр нь олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирч муудсаны улмаас хэвлэлийн хурд нь удааширч, Монгол Улсын брайл хэвлэлийн хэрэгцээний тал хувийг л хангах болжээ.
Түүнчлэн тус холбоонд кирилл үсгийг брайл рүү хөрвүүлэх брайл дэлгэц байхгүй байсан учир брайл хэвлэлийг хангалттай нийлүүлэх боломжгүй байсан юм.
Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж хоёр дахин нэмэгдэж, 11,800 харааны бэрхшээлтэй хүмүүс үр ашгийг нь хүртэх боломжтой болсон байна.
Мөн тус холбоогоор 7 хоногт ойролцоогоор 200-300 хүн үйлчлүүлдэг. Тэдгээр хүмүүс МУБИС-ийн харааны бэрхшээлтэй сурагчдын кирилл үсгийн хэвлэлийг унших боломж илүү сайжирч байгааг дурдах нь зүйтэй.
Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг аж.