Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 15, 16-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Мөн энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нууранд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, жижиг голууд ёроолдож хөлдсөн ба мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-30 см нэмэгдсэн байна.
Эг, Бэлтэс, Шишхэд, Идэр, Хануй, Чулуут, Хүдэр, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Орхон, Эг, Онон, Балж, Хэрлэн голын эх, Халх, Ховд, Турган, Буянт, Заг, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хархираа зэрэг голуудын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн мөсөн бүрхүүлтэй.
Хэдийгээр ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч зарим гол мөрний мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрч мөс хэврэгшиж, мөсний нягт багассан байна.
Иймд нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.