Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорионы улмаас өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн амьдралд хүнд цохилт болсон. Өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн нөхцөл байдал эдийн засгийг хямралын ангал руу чирж, ажлын байр ихээр хорогдон, ядуурал газар авсаар байна. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гаргасан судалгаагаар “Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152900 ажлын байрыг цомхотгосон. Харин гуравдугаар сарыг хүртэл хөл хориог үргэлжлүүлбэл хагас сая хүн ажлын байраа алдана” гэдгийг мэдээлж байв. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд /ААН/ цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрчээ. Тиймээс Засгийн газраас бүтэн нэг жилийн хугацаанд тэг зосголт хийсэн ААН, ялангуяа жижиг дунд бизнесүүдийг дэмжихийн тулд “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г боловсруулсан юм.
Үүнээс хоёр их наяд төгрөгийг ажлын байрыг хадгалах зээлийн хэлбэрээр арилжааны банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгохооор болсон нь энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүст хонгилын үзүүрт гэрэл ассанаас өөрцгүй шийдвэр байв.
Тодруулбал, нэг зээлдэгчид олгох дээд хэмжээ 500 сая хүртэлх төгрөг байх бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтад хамруулах боломжтой. Энэ дагуу арилжааны банкууд ААН-үүдийн зээлийн хүсэлтийг авч эхэлсэн. Гэтэл жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, эхний 12 сар хүртэл үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажлын байрыг дэмжих зээлийг авахад хэтэрхий өндөр шалгуур тавьж буйг бизнес эрхлэгчид шүүмжлэх болсон. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зээлд арилжааны банкууд:
- 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс өмнө үүсэн байгуулагдсан, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байх,
- Зээл хүсэгч нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар НДШ болон татварын өргүй байх,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн байх,
- Зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх,
- 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан буюу аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй байх,
- Зээлийн хугацаанд зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, зээлээ төлөх боломжтой байх,
- Барьцаа хөрөнгийн дутагдалтай аж ахуйн нэгжийн хувьд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх,
- Бизнесийн онцлогоос хамаарсан холбогдох бусад шаардлагыг тавьж байсан юм.
Тэгвэл Монголын банкны холбооноос ААН-үүдэд тавигдах дээрх найман шалгуурыг бууруулж зөвхөн НӨАТ төлөгч байх ёстой гэсэн ганц шалгуурыг тавих болжээ.
Ингэснээр төрөөс ажлын байрыг дэмжих зээлд тавигдах шаардлага буурч, арилжааны банкууд ААН-үүд зээлээ эргэн төлж чадах эсэхэд л анхаарна гэсэн үг. Тухайн ААН-ийн барьцаа хөрөнгө нь хангалттай, шаардлагыг хангаж байвал банкууд ажлын арван хоногт багтаан зээлийг шийдвэрлэх аж.