Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Сальман Аль Сауд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хоёр томоохон санаачилга гаргаснаа бямба гарагт мэдэгджээ.
‘Akhbar Al Saudiya’ мэдээллийн цахим хуудаст мэдээлж буйгаар, тэрбээр ирэх 10 жилд 10 тэрбум мод тарих хөтөлбөрийг баталсан байна. Үүний зэрэгцээ ‘арабын ах дүүсийн туслалцаатайгаар’ ‘Ногоон Ойрхи Дорнод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд 40 тэрбум мод тарих аж.
‘Манай улс газрын тосны олборлолтоор тэргүүлэгч орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ногоон ертөнцийг бий болгоход дэлхийд манлайлахыг зорьж байна’ гэж Мохаммад бин Сальман мэдэгджээ.
Түүний хэлснээр, бүс нутгийн хувьд байгаль орчинд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол цөлжилт юм. ‘Шороон шуурганы улмаас жилд 13 тэрбум ам.доллар алдаж байгаа бол хүлэмжийн хийгээр бохирдсон агаарын бохирдол Саудын Арабт дундаж наслалтыг 1.5 жилээр бууруулахад хүргэсэн. Тиймээс бидний хүчин чармайлт ногоон бүсийг өргөжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдол, газрын доройтолтой тэмцэхэд чиглэгдэнэ’ гэж угсаа залгамжлах хунтайж онцлон тэмдэглэсэн байна.
Мохаммад бин Сальманы тэмдэглэснээр, Саудын Араб ‘гаргийг хамгаалах ногоон замын зураглалыг’ гаргахад бусад улс оронтой хамтран ажиллана. Тэрбээр 2016 онд баталсан ‘Саудын Арабын алсын хараа: 2030’ стратегийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн амьжиргаа дээшилнэ гэж онцоллоо.