Өчигдөр /2021.03.30/ нийт 10652 сорьцод шинжилгээ хийхэд 377 Covid-19 илэрч, нийт тохиолдлын тоо 8447 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 328 нь Улаанбаатар хотоос, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 69, 84 настай хоёр хүн нас барлаа. Нийт 95 хүн эдгэрсэн.
Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол цар тахлын өвчлөл хэдэн мянгаар тархах эрсдэлтэй байгааг албаныхан онцолж хэллээ. Мөн эрүүл мэндийн салбарын хүчин чадлаа харгалзан үзэж, арга хэмжээ авахаас өөр аргагүй байна гэдгийг Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр яриандаа онцлов.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-Шинээр батлагдсан тохиолдлууд нь дотоодод бүртгэгдсэн байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс
- 1637 хүний бие хөнгөн
- 219 хүний бие хүндэвтэр
- 34 хүний бие хүнд
- 12 хүний биеийн байдал нэн хүнд байна.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Монгол Улсын хэмжээнд 490 мянга гаруй хүн тун вакциныг хүлээн аваад байна. Эдгээр вакциныг авахдаа нийт хүн амын 60 хувийг дархлаажуулах хэмжээний вакциныг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. “Covax” хөтөлбөрийн хүрээнд 690 мянган хүн тун вакциныг хүлээн авахаас одоогийн байдлаар 40 орчим хүн тун вакциныг хүлээн авсан. Цаашид бусад вакциныг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөлтүүдийг хийсэн. Нийт нийлүүлсэн вакцины 11.3 хувь нь Энэтхэг, БНХАУ-аас хүлээн авсан байна.
Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 30-нд 9437 иргэн, нийт 300366 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын ажил хэвийн явагдаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод байгаа 50-аас дээш насны 45.8 хувийг вакцинжуулсан. Дархлаажуулалтын 40 орчим цэг Улаанбаатарт ажиллаж байгаа. Одоогоор вакцинжуулсан иргэдийн дунд ноцтой урвал хүндрэл үүсээгүй, хэвийн байна.
Сүүлийн 24 цагт орон нутагт батлагдсан тохиолдол:
- Улаанбаатар – 328
- Төв аймаг- 5
- Архангай аймаг – 7
- Өвөрхангай аймаг – 6
- Сэлэнгэ аймаг- 4
- Дархан-Уул –16
- Булган аймаг – 4
- Ховд- 3
- Хөвсгөл- 5
- Увс- 1 тохиолдол тус тус батлагдсан байна. Ийнхүү хөдөө орон нутагт батлагдсан тохиолдлын тоо 910 болжээ.
Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:
-Хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тохиолдол улам нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байгаа. Covid-19-ийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлаж байгаа билээ. Одоогоор гэрээр тусгаарлагдаж, эмчийн хяналтад 1000 орчим хүн байна. Эдгээр иргэдэд зориулан Covid-19-ийг хамтдаа туулахын тулд өдөр бүр хэрэгжүүлэх бидний есөн дадал гэх гарын авлагыг гаргасан. Энэ гарын авлагыг гэрийн тусгаарлалтад байгаа иргэддээ тарааж байна.