Улаанбаатар хотод түр оршин сууж буй орон нутгийн иргэд дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж. Нийслэлийн онцгой комиссын мэдээлснээр орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй, оршин суугаа газартайгаа ойрхон цэгт очиж, вакцинд хамрагдаж болох юм.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 69 цэгт вакцинжуулалт зохион байгуулж буй. Ойрын хугацаанд цэгүүдийн тоог нэмж 82 болгохоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Энэ сарын 4-өөс 18-49 насны залуусыг вакцинд хамруулж эхэлснээр дархлаажуулалтын цэгүүд залуусын хөлд дарагдаад байна.
Мөн өнөөдөр 17:00 цагийн байдлаар нийт 43651 хүнийг вакцинд хамруулжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 33270 хүн эхний тунгаа тариулсан бол бол орон нутгийн зорилтод бүлгийн 10 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан юм байна.