Хятадад үйлдвэрлэсэн “КоронаВак” вакцинаар Чили улс хэдэн сая иргэнээ дархлаажуулсан бөгөөд үр дүнг нь судалж үзэхэд өвчлөлийг 67 хувь, нас баралтыг 80 хувь бууруулж байгаа нь тогтоогджээ.
Өмнөд Америкт байрладаг тус улсын Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Рафаел Араосын хэлснээр судалгаанд 10.5 сая хүнийг хамруулсны 2.5 сая нь хятад вакцины хоёр дахь тунгаа тариулсан, 1.5 сая нь эхний тунгаа тариулсан хүмүүс аж.
Хятад вакцинуудыг АНУ, Европоос бусад газруудад өргөнөөр хэрэглэж байгаа билээ. Чилийн хувьд вакцины хоёр тунг 28 хоногийн зайтай тарьж, хоёр дахь тунг тариулаад 14 хоносон хүмүүсийг судалж үзжээ.
Үр дүнд нь хятад вакцины хоёр тун хийлгэсэн хүн вакцин тариулаагүй хүмүүстэй харьцуулахад эмнэлэгт хандах нь 85 хувь, эрчимт эмчилгээ хийлгэх нь 89 хувь, нас баралт 80 хувиар буурсан болохыг тогтоожээ.
Уг судалгаа бол цар тахлын эсрэг вакцинууд анх бүтээгдсэнээс хойш хийсэн хамгийн өргөн хүрээтэй судалгаа юм. Үүнээс өмнөх судалгаанууд нь вакцинуудын клиник туршилтын үеэр хийсэн цөөн тооны хүмүүсийг хамарсан судалгаанууд байлаа.
Чили улс вакцинжуулалтаа амжилттай үргэлжлүүлсээр өдгөө 19 сая хүнийхээ 40 хувийг нь дархлаажуулсан бөгөөд түүний 27 хувь нь хоёр дахь тунгаа тариулсан байна. Эрх баригчид анхандаа зөвхөн эрүүл мэндийн салбарынхан болон ахмад настнуудыг вакцинжуулж байсан бол удалгүй бусад салбарынхан болон 48-аас доош насны нийт иргэдээ вакцинжуулж эхэлсэн юм.
Тэгэхдээ Чилийн засгийн газар “Синовак” фирмээс гурван жилийн турш 60 сая тун “КоронаВак” вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан аж. Түүнчлэн тус улс “Pfizer/biontech” компанийн вакциныг хүлээн зөвшөөрсөн ч нийт вакцинжуулалтын 90 хувьд хятад вакцин хэрэглэж байгаа аж.