‘ХӨСҮТ-ийн эмч нар PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг үү’ сэдвээр өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа “Өдрөөс өдөрт өвчлөлийн тоо, хүнд хүний тоо, нас баралт нэмэгдэж байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй бүх чадлаараа зүтгэн ажиллаж байна. Гэтэл ийм хүнд цаг үед эмч ажилчдын нэр хүндийг сэвтээсэн үндэслэлгүй хуурамч мэдээллийг гаргаж олон нийтэд цацаж, хууль хяналтын байгууллага буруу, зөвийг нь тогтоогоогүй байхад ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаад харамсаж байна. Мөн сэтгүүлчид та бүхэн маань асуудалд бодитой хандаж мэдээллээсээ гэж хүсмээр байна. Эрүүл мэндийн салбарынхан 100% алдаа гаргахгүй ажилладаг гэж хэлээгүй. Алдаа гаргасан бол алдаагаа хүлээгээд, хариуцлагаа дор бүрнээ тооцоод явдаг” хэмээв.
Энэ үеэр дээрх Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа онцлов. Энэхүү мэдэгдлийн хариуг дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлэхийг сайдаас хүсэв.
Мэдэгдлийн тухайд:
- Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаны эсэргүүцэхийн зэргээ, эмч ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх
- Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх
- Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж байна гэжээ.