Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуаранд иргэн Т, Ж нар арван иргэний дунд хууль бус автомат мөрийтэй тоглоом зохион байгуулжээ. Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагаас өчигдөр (2021.05.10) илрүүлэн саатуулсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл зохион байгуулсан гэх үндэслэлээр дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа аж. Энэ төрлийн гэмт хэргийн шинжтэй зөрчил өмнө нь тус дүүрэгт хөл хорионы хугацаанд гарч байв. Сануулахад, тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хөл хорионы дэглэм зөрчиж, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэн Т-г энэ сарын 5-нд саатуулсан. Зөрчил гаргасан иргэн нь 13 хүний дунд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн, хорио цээр, хязгаарлалтын дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага тооцсон билээ.