Ховд аймгийн байгаль хамгаалагчид ижил сүрэгтэйгээ нийлж дулаан орныг зорьж чадаагүй байсан хотон шувууг гэрт өвөлжүүлснээ саяхан Хар-Ус нууранд буцаан тавьжээ. Уг хотон шувуу нь хууль бусаар агнахыг завдсаны улмаас далавч нь гэмтээд байсныг нутгийн иргэд болон байгаль хамгаалагч нар эдгээсэн талаар WWF Mongolia байгууллагаас мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд энэ сарын 8-нд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож, уг өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас байгаль хамгаалагч нарт зориулсан онлайн сургалт зохион байгуулжээ.
Сургалтанд уул уурхайн компанийн төлөөлөгчид, байгаль орчны ажилтнууд, Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газар, Тост-Тосон бумбын Байгалийн нөөц газар, Говийн бага дархан газрын ажилтнууд, сургуулийн сурагчид багш нар, гэрэл зурагчид оролцлоо. Энэ үеэр аймгийн гэрэл зурагчид, “Ертөнц” гэрэл зургийн нийгэмлэгийн гишүүн иргэд, залуучууд сайн дураараа хамтран нутаг нутгийнхаа шувуудын зүйлийг тогтоож, тоог нэгтгэхэд оролцохыг уриаллаа.