ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
“ИХ СУРГУУЛИУДАД ЭЛСЭХ БОСГО ОНООГ 480 БАЙХААР ТОГТООСОН”
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН
-Цар тахлаас үүдэн сургалтын хоцрогдол их байгаа тул улсын шалгалт авахгүй. Цахим болон танхимын хичээлийн үр дүн, сурагчийн идэвх зэргийг үзэж, дүн тавина.
Их, дээд сургуульд элсэгчдээс монгол, хэл бичгийн шалгалт авахгүй. Тавдугаар сарын 17-ноос элсэлтийн шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлага эхлүүлнэ. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40 мянга гаруй төгсөгч байна. Нийт төгсөгчдийн 79 хувь нь шалгалтын бүртгэлээ хийлгэсэн. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг байх тогтолцоо руу шилжүүлэх гэж байна. Элсэлтийн шалгалтад вакциндаа бүрэн хамрагдсан багш нарыг хянагчаар оруулах зохион байгуулалт хийнэ.
Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40 мянга гаруй хүүхдээс 19 нас хүрсэн 13636 төгсөгч вакциндаа хамрагдаж байна. 18 настай 28082 төгсөгч бүртгүүлсэн. 18-19 настай төгсөгч нар вакциндаа бүрэн хамрагдаж, шалгалтад орох боломжтой юм. Харин 15-16 настай 1675 төгсөгчийн вакцинжуулалтын асуудлыг УОК-той ярилцаж, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу 12-оос дээш насны хүүхдийг вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд зохицуулалт хийхээр тооцож байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг байхыг маш том тогтолцооны шинэчлэл гэж харж болно. Хүүхдүүд хүссэн үедээ элсэлтийн шалгалт өгдөг байх боломжийг үүсгэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд тодорхой шалтгааны улмаас элсэлтийн шалгалт өгч чадаагүй хүүхдүүд дахин нэг жил хүлээх шаардлагагүй болно.
Монгол хэлний ТОПЕЛ-ын шалгалт өгдөг систем рүү шилжихээр төлөвлөж байна. Төрийн албанд орохын тулд уг ТОПЕЛ-ын шалгалт өгч, эх хэлнийхээ түвшинг тодорхойлох бололцоогоор хангах ёстой гэж ойлгож байна.
Энэ жил яамнаас их сургуулиудад элсэх босго оноог 480 байхаар тогтоосон. Гэвч яамнаас тогтоосон босго оноог их, дээд сургуулиудын консорциум дур мэдэн буулгаж, элсэлтийн шалгалт өгөөгүй элсүүлсэн гэх 7200 орчим оюутны асуудал байна. Энэ нь тухайн оюутан, эцэг эхчүүдийг хохироож буй бодитой нөхцөл байдал юм. Тухайн хариуцлага алдсан сургуулиудад хариуцлага тооцно.
“ДАВТЛАГЫГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР, ЭЦЭГ, ЭХИЙН ЗӨВШӨӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛНА”
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.НЯМ-ОЧИР:
-Сургуулиуд дээрх нягтрал, ачааллыг багасгахын тулд төгсөгчдийг элсэлтийн шалгалт өгөх хичээлээр нь өдөрт 3-аас илүүгүй цагаар давтлагыг зохион байгуулах түр заавар батлагдсан. Багш нар дархлаажуулалтад хамрагдсан байна.
-Давтлагыг сайн дурын үндсэн дээр, эцэг, эхийн зөвшөөрлөөр зохион байгуулна
-Нэг танхимд байх хүүхдийн тоо 10-аас илүүгүй сууж хичээллэнэ
-Нэг ширээнд нэг л хүүхэд сууна. Хүн хоорондын зай 2 метр хүртэлх хэмжээнд байна” гэлээ.
“ӨМНӨХ ОНД ТӨГССӨН НАЙМАН МЯНГА ГАРУЙ ТӨГСӨГЧ ЭНЭ ОНД ШАЛГАЛТ ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН”
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.ГАНБАТ:
-Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 хүүхэд бүртгүүлсэн. Суудлын хуваарийг тавдугаар сарын 20-иос эхлэн зарлана. Улсын хэмжээнд 50 байранд шалгалтыг зохион байгуулна. Шалгалтын байр бүрт тусгаарлах өрөөг бий болгоно. Шууд засалтын шилэн технологийг өнгөрсөн оноос нэвтрүүлсэн нь энэ онд ч үргэлжилнэ.
Өмнөх онд төгссөн найман мянга гаруй төгсөгч энэ онд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. БҮТ-өөс эдгээр төгсөгчдөөс тусгайлсан санал асуулга, судалгааг авч байгаа. Эдгээр найман мянга гаруй төгсөгчид дунд бүр өмнө төгссөн 35-58 хүртэлх насны иргэд ч байгаа юм.
Цаг үеийн байдал, судалгаа хэмжилтийн байгууллагуудаас өгч байгаа заавар чиглэлийн дагуу ЭЕШ-д хамрагдах сурагчид, түүнд ажиллах багш ажилчид дархлаажуулалтад бүрэн хамрагдах боломжтой гэж үзсэн учраас шалгалтын байрын тоог нэмэгдүүлээгүй.