Коронавирусийн халдвар дотоодод алдагдаж, төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, мэдээллээ хүртэл нэг цонхоор хүргэж эхлээд байгаа энэ цаг үед үнийн хөөрөгдөл үүсгэж, зохиомол хомсдол бий болгосон ‘Хүчит шонхор’, ‘Таван-Эрдэнэ’ захуудыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тус бүр 20 сая төгрөгөөр торголоо. Тухайлбал улсын хэмжээнд мах, хүнсний ногооны нөөц хангалттай байгаа. Улсын нөөцөөс өнөөдөр л гэхэд 50 тн махыг хэрэглээнд нийлүүлжээ. Гэтэл махны үнээ нэмж, хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн тус аж ахуй нэгжүүдийг ийнхүү зөрчлийн хуулийн дагуу торгов.
Цаашид УОК-оос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, цар тахлын үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлд томоохон сүлжээ дэлгүүрийн удирдлага, маркетингийн баг анхаарал хандуулж, нийгмийн хариуцлагатай байхаа мэдэгдсэн бол ‘Монос Улаанбаатар’ ХХК, ‘Ариун Монгол’ ХХК, ‘Палома’ ХХК, ‘Евро фарм’ ХХК, ‘Хүрмэн’ ХХК-иуд амны хаалт, ариутгах бодисын үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй, тасралтгүй жигд хүртээмжтэй хүргэх талаар мэдэгдэл гаргажээ.
Харин ‘Бөмбөгөр’ худалдааны төвийн удирдлагууд түрээслэгч нартаа үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн хангаж ажиллах талаар тушаал гаргаж, түрээслэгчид нь дэмжиж гарын үсэг зурж, ШӨХТГ-т ирүүлжээ.