Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Нямбаярын Төгсцогтын АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо болох ээлжит тулаан цуцлагджээ.
Мэргэжлийн боксчин Н.Төгсцогт /13 тулаан, 12 ялалт, 9 КО/ Мексикийн боксчин “El Venado” хочит Луис Альберто Лопес Варгас /21 ялалт, 11 КО, 2 ялагдал/-тай энэ сарын 29-нд тулалдах тов зарлагдаад байсан юм.
Хоёр боксчин 57,2 кг жинд тулалдах байсан ч тулааны тов гарсан өдрөөс л Л.Варгас жингээ өөрөөр тохирох саналыг хэд хэдэн удаа гаргаж, энэ санал нь биелэхгүй болохоор тулаанаас татгалзаж байгаагаа WBC холбоонд мэдэгдсэн талаар АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.
Тэрбээр, “King Tug” хочит Төгсөөг ойрын 2-3 сарын дотор багтаан том тулаан хийлгэх талаар уг холбооноос тун удахгүй албан ёсоор зарлах юм байна. Мэргэжилтнүүд уг тулааны талаар таамаглал гаргаад эхэлжээ. Тухайлбал, WBC холбооны 57,2 кг жинд дэлхийн аварга цол, бүсийг эзэмшиж буй Гэри Рассельтай Төгсөө “даагаа нэхэх” болзлоо хэдийнэ биелүүлсэн ч тэр тулаан хийлгүй яг нэг жил, 3 сар боллоо. Тэрбээр өөрийн дээд жингийн бусад холбооны дэлхийн аваргуудыг тулаанд дуудсан болж, арга саам хийсээр байгаа тул WBC холбооноос түүнийг доод жингээс дэвшсэн Мексикийн Рей Варгастай (34-0) тулалд хэмээн шахаж байгаа юм.
Мэргэжлийн боксын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, Гэри Рассель жин өгсөн цолны төлөө биш ч байсан хамаагүй тулаан хийнэ гэж яригдаж байна. Ингэвэл WBC-ийн 57,2 кг жингийн аваргын суудал эзгүйрч, чансааны нэг, хоёрдугаарт бичигдэж буй Рей Варгас,Төгсөөтэй “interim champion” буюу түр аваргын бүсийн төлөө тулалдуулах магадлал тун өндөр болж байгаа аж.