Өмнөд Солонгосын Самсунг Биоложикс компани АНУ-ын Модерна компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх гэрээг өчигдөр байгуулжээ.
АНУ-д хийж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний айлчлалын үеэр талууд энэхүү гэрээг байгуулсан байна. Модерна вакцин нь уламжлалт аргаар бус, mRNA хэмээх шинэ технологиор бүтээгдсэн бөгөөд АНУ-ын хүн амын дархлаажуулалтад өргөнөөр ашиглагдаж байгаа юм.
Өмнөд Солонгос улс дэлхийн вакцин үйлдвэрлэлийн шинэ төв болох амбицтай зорилт тавиад байгаа.
Одоогоор тус улсын компаниуд Novavax (АНУ), Спутник V (ОХУ) вакцинуудыг үйлдвэрлэж эхлээд байна.
Гэрээ ёсоор Модерна компани вакцины үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, ажиллах хүчнийг Өмнөд Солонгосын зах зээлээс бэлдэх ажээ.
Өмнөд Солонгосын засгийн газар уг хөрөнгө оруулалтыг нь дэмжиж ажиллахаар болсон байна.