БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ард түмнээ барууны “ёс суртахуунгүй” загварын чиг хандлага, нөлөөллөөс ангид байлгахын тулд гэзэг тавих, цоолбор хийлгэх, бариу жинсэн өмд өмсөх зэргийг хориглолоо. Шинэ хориглох заалтуудыг өнгөрсөн долоо хоногт төрийн мэдээллийн Родон сонинд нийтэлж олон нийтэд тараасан бөгөөд капиталист соёл улам газар авахаас сэргийлэхийн тулд үүнээс ч илүү олон арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.
Сонинд нийтлэхдээ “Орчин цагт Умард Солонгосын залуус барууны загварын чиг хандлагыг дуурайх нь ихсэх хандлагатай байна. Харин бид капиталист үзэл суртлын хамгийн өчүүхэн хэлтэрхийг ч болов үл тэвчин, үзэн ядах учиртай юм” хэмээн бичиж, нийт 15 төрлийн үс засалтаас бусад бүх үс засалтыг социалист биш хэмээн үзэж, хатуу хоригложээ.
Ийнхүү цаашид Умард Солонгост үсээ арзайлгах, босгох, залаа, гэзэг тавих, будах зэргийг зөвшөөрөхгүй аж. Түүнчлэн бариу жинсэн өмд, хамар, уруулын ээмэг, аливаа брендийн богино ханцуйтай цамц зэргийг бас хориглосон гэнэ.