Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай өчигдөр /2021.6.1/ албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцжээ.
Сайд нар Монгол, Оросын харилцааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцсон байна. Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон аж. Тодруулбал, ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтсон байна. Мөн боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтсон байна. Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгджээ. Мөн сайд нар БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон байна.
Петербургийн олон улсын эдийн засгийн форум өнөөдөр эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцох юм.
Сонирхуулахад, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрөө унаган орос хэлтэй ч албан ёсны айлчлал, арга хэмжээнд эх хэлээрээ ярих ёстой учраас тэрбээр орчуулагчтай оролцож байгаа юм байна.