УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Энэ удаагийн сонгуульд АН хамгийн бага санал авсан. Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн эрх баригч МАН нь АН-ын дотоод хагарал болон Сонгуулийн хуулийг өөрт ашигтайгаар ашиглаж ирлээ. Тиймээс АН-ын онц их хурлыг зарлах, нэг удирдлагатай болгох санаачилгыг жирийн гишүүдийн зүгээс маш ихээр ирүүлж байна. АН-ын дотоод эв нэгдлийг хангах намын Их хурлыг хуралдуулж, нэг удирдлагатай болгох зорилгоор 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилгыг өнөөдрөөс эхлүүлж байна. Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа материалаа хүргүүлсэн боловч дотоод эв нэгдлээ хангаад ир гэсэн ганцхан шаардлага тавьж буй.
АН-ын гишүүн З.НАРАНТУЯА:
-Намаа хоёр хувааж, нэгэндээ бууж өгөхгүй хөлөө жийлцээд сууж буй удирдлагууд минь мянга мянган гишүүн чинь та бүхнийг өнөөдрийн улс төрийн өндөрлөгт хүрэхэд чин сэтгэлээсээ хоёргүй үгээр зүтгэсэн. Залуусын хувь заяаны төлөө, намын ирээдүйн төлөө нэг удирдлагатай болоход бүгд хичээж зүтгэж ажиллахыг уриалъя. Ардчилсан нам орших уу, эс орших уу гэдэг заагт ирчихээд байна. Бид нарт хагарлын үр дагаварыг хангалттай амслаа. Намынхаа нийт гишүүдэд хандаж, Ардчилсан намд хариуцлагатай байх цаг ирсэн гэж хэлье. Эрх барьж буй намын шинэ залуу удирдлагад уриалга гаргамаар байна. Бид улс төрийг хуйвалдаанаар биш, улс төрийг эрх мэдлээр биш, улсын төсвөөр биш чин сэтгэлээсээ ард түмний сонголтод үндэслэн явуулдаг болж шинэчлэгдмээр байна. Эрх барьж буй нам Ардчилсан намын сул тал дээр бүү тогло. Улсын дээд шүүхэд бүртгүүлэх, гэрчилгээгээ олж авах, үзэл бодлоо илэрхийлэх талбарыг нь чөлөөтэй өгөөч.
АН-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:
-Ардчилсан нам өөрөө дотроо хоёр хуваагдаж, нэг нэгэндээ дэгээ тавихаас илүүтэй босож зогсоод нэгдэж, хамтарч, дэмжиж урагшаа алхах цаг болсон. Ардчилсан намгүй сонгууль, ардчилсан хүчингүй өрнөж буй үйл явцын хохирогч нь иргэд болж байна. Тамганы булан барьж булаацалдаж байгаа хүмүүс гишүүдээ хонь адил хашаанд хашиж байгаа бол энэ нам эзэнгүй болно гэсэн үг. Тийм учраас өөр хороонд босгосон хашаагаа нурааж, гишүүдээ хонь гэж харахаас илүүтэй энэ орны тусгаар тогтнолд хүч өгдөг итгэл үнэмшилтэй иргэд гэж харж нэгдэх цаг болсон байна. Энэ намд хүмүүс итгэдэг байсан. Гэтэл тэр итгэлийг өөр хоорондоо талцсан байдал эвдэж байна. Иймээс АН-ын гишүүд бид эв нэгдлийг сэргээх зорилгоор мянга мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна