Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэхүү мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Covid-19 -ийн халдвар зургаан хүнээс шинээр илэрч, улсын хэмжээнд нийт 412 тохиолдол бүртгэгдсэн” гэлээ. Халдвар илэрсэн зургаан хүнээс хоёр нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нар юм.
Нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийсэн юм байна. Ингэхдээ энэхүү шинжилгээнд хамрагдсан иргэдээс 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд халдвар илрээгүй.
Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгааг цаг наргүй хийж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.
Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээжээ.
Нийт батлагдсан 412 тохиолдлын 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа ажээ.
Цагийн байдал хүндэрч, эрсдэл өндөр болсон тул дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.