2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ. Товлолт өдөр болоход ес хоног үлдээд байна.
“Энэ онд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 шалгуулагч бүртгүүлсэн. Тэднээс 2,000 гаруй нь коронавируст халдварын сэжигтэй тохиолдол болж, 1,500 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Би Боловсрол, шинжлэх ухааны сайдын хувиар хэлэхэд, энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн бүх хүүхдэд боломж олгоно. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн нэг ч хүүхдийг бид шалгалтаас гадуур үлдээхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Шалгуулагч шалгалтын байранд ирэхдээ:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүртгэлийн хуудас /Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь /Та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авна/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээг авчрах ёстойг анхаарна уу.