УИХ Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилж өөрчлөхөөр болж энэ талын ажлын хэсгийг байгуулаад байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан тус ажлын хэсэг Зөвшөөрлийн хуулийн төслийн талаар өнгөрсөн 7 хоногт бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын төлөөлөгч нартай хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн санал бодлыг хүргэж байна. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Энхбаяр нар хэлэлцүүлэгт оролцож Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулж, оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан санал хүсэлтээ хэлсэн юм.
Ташрамд дурдахад, МҮХАҮТ-аас дэвшүүлсэн “Их сэргэлт” санаачилгын хүрээнд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах саналыг гаргасан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэрээ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахад анхаарал хандуулахаа мөн илэрхийлсэн юм.
ЗТХЯ-тай хамтарч зөвшөөрөл өгч байвал олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө
Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв: -Бид олон улсын аюултай ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт нэгдэж орохоор бэлдэж байгаа. Хэрвээ уг конвенцод нэгдэж орвол заавал тээврийн байгууллагын оролцоо шаардлагатай болно. Гэтэл БОАЖЯ тээвэрлэлт хийх зөвшөөрлийг өгдөг. Энэ нь мэргэжлийн бус байгууллага эрхийг нь өгч байна гэсэн үг. Тиймээс заавал тээврийн яамтай хамтарч зөвшөөрлийг өгч байх нь чухал байна. Энгийн зөвшөөрөл дээр олон улсын жолоодох эрхийг Цагдаагийн газар өгөхөөр тусгасан нь бас буруу. Учир нь Олон улсын жолооч нарын нийгэмлэг гэж байдаг. Тухайн нийгэмлэгийн гишүүн байгууллага нь олон улсын жолоодох эрхийг өгдөг. Манай улсаас олгосон жолооны үнэмлэх нь олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Мөн хуульд байдаггүй хэрнээ салбар бүрд сайд нарын тушаалаар гаргасан зөвшөөрөл их байдаг. Үүнийг зохицуулах талаар тодорхой бус байгааг илүү нарийн болгох зайлшгүй шаардлагатай байна.
Зөвшөөрөл авах хугацааг илүү тодорхой болгоё
“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа: -Бизнесийн аливаа зөвшөөрлийг хамгийн хурдан, хүнд сурталгүйгээр авах хэрэгтэй байдаг. Гэвч хуулийн төсөлд баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргахаар заасан байна. Тэгэхдээ ажлын эсвэл хуанлийн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ажлын 30 хоног гэвэл нийтдээ 50 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхээр байна. Иймд хугацааг нь илүү тодорхой болгох шаардлагатай байна.
Мөн өргөдөл гаргагчийн өргөдлийг амаар авч гарын үсэг зуруулах тухай заасан. Зөвшөөрлийг олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг шийдвэрийн үндэслэлийг олон нийтэд ил тод байлгах хэрэгтэй. Мөн түүнчлэн татварын өргүй байх талаар заасан байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр, энгийн өр гэсэн ойлголтын зөрүү байдаг. Тиймээс хугацаа хэтэрсэн татварын өргүй гэж зааж өгнө үү гэж хүсмээр байна.
Бизнес эрхлэгчдийн санал бодлыг түлхүү тусгая
“Скайтел” ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн: -Одоогоос 7 жилийн өмнө Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барьж байсан. Тухайн үеийн хуулийн төслийг одоогийнхтой харьцуулахад хэд хэдэн чухал зүйл алдагдсан гэж харж байна. Тухайлбал, өндөр хөгжилтэй улс орон, тухайн орны стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч этгээдэд тусгай зөвшөөрлийг шууд олгох тухай дэвшилттэй заалтууд байсан. Мөн тусгай зөвшөөрлийг онцгой, тусгай, энгийн гэж ангилж, энгийн зөвшөөрлийг хугацаагүй, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай байхаар бизнесийн хамгаалалт болохоор онцлог заалтууд тусгасан байсан.
Харин одоогийн хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл нь 5 жил гэж байгаа нь тусгай зөвшөөрлийг их хэмжээгээр тарааж, олон тооны зөвшөөрөл олгох эрсдэлийг дахин бий болгоно.
Аливаа нугалаа, зөрчил дунд шатны удирдлагууд дээр гардаг. Тиймээс өмнөх төсөл дээр энэ шатны удирдлагууд дээр зөвшөөрлийг задалж олгохыг хориглохоор заасан байсан. Гэтэл энэ мэт дэвшилтэт заалтыг орхигдуулсан байна.
Өмнөх хувилбар дээр зөвшөөрөл олгогч буюу төрийн албан тушаалтнуудын эрх үүргийг нэлээд хатуу хуульчилсан байсан. Одоогийн төсөлд энэ талаар тусгаагүй байгааг анхаарна уу. Энэ хууль дээр төрийн захиргааны дунд шатны удирдлагуудын санал бодлыг сонсож тусгах юм бол төгс байдлаар шинэчлэл хийж чадахгүй. Энэ нөхцөлд хуулийн амин заалтуудыг авч хаях, хайрцаглах гээд байдаг. Тиймээс бизнес эрхлэгчдийн санал бодлыг түлхүү тусгахыг анхаармаар байна.
Зөвшөөрлийг мэргэжлийн холбоод олгож явах хэрэгтэй
Монголын Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах: -Япон улсад хүнсний салбарт зөвшөөрөл олголтыг мэргэжлийн холбоод гүйцэтгэдэг. Холбоо нь мэргэжлийн бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгдөг. Тиймээс бусад орны туршлагыг харгалзан төрийн ажил үйлчилгээг ТББ-уудаар гүйцэтгүүлэх талаар тусгаж хуулийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна.
Манай улсад мэргэжлийн байгууллагын хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж нийтийн хоолны салбарт улсын байцаагчийг дүгнэлтийг гаргуулахыг зогсоосон. Үүнээс улбаалж мэргэжлийн бус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулснаас хүн амын дунд хоолны хордлого болон хорт хавдартай болох нөхцөл бүрдэж байна. Тиймээс үүн дээр анхаарч зөвшөөрлийг заавал мэргэжлийн байгууллага бус мэргэжлийн холбоод олгодог болох хэрэгтэй.
Нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилъя
“М Си Эс холдинг” ХХК-ийн дэд ерөнхийлөгч С.Энхтүвшин: -Хуулийн төсөлд “Засгийн газар нь тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаагаар хязгаарлаж болно” гээд үндэслэл зааж өгсөн нь нотлох боломжгүй шалтаг тоочин томоохон тусгай зөвшөөрлийг цуцлах, хуулиар олгосон эрхийг хязгаарлах боломж нээгдсэн мэт харагдаж байна.
Мөн нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд Зөвлөл байгуулах тухайд үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгөх саналтай байна. Мөн Зөвшөөрлийн хуулийн төслийн бусад хуулийн хэм хэмжээтэй харьцуулан, нийцүүлэх байдлыг давхар харах хэрэгтэй. Зөвшөөрлийн лавлагааг олгохдоо 3-5 өдрийн дотор гэж заасан байсан. Нэгэнт зөвшөөрөл олгосон нөхцөлд лавлагааг шууд өгдөг байдлаар оруулах хэрэгтэй.