Баасан гарагт У.Хүрэлсүх тангараг өргөж, ерөнхийлөгчөөр сонгогдоно. Энэ үйл явдалтай зэрэгцэж, МАН бага хурлаа хийж, намын даргын тамга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шилжиж мэдэхээр байна. Шинээр сонгогдох МАН-ын даргад шийдэх асуудал олон байгаа. Тухайлбал Н.Энхбаяр тэргүүтэй 55 мянган гишүүн шинээр нэмэгдсэн, тэдэнд эрх мэдэл, албан тушаал олгох эсэх, эсвэл бүр Н.Энхбаярын хамтралаас татгалзах уу гээд МАН-ын даргын зовлон эхэлж байна. Н.Энхбаярын хувьд Цэцийн гишүүн болох, Үндэсний аюулгүй зөвлөлд ажилд орох эсвэл Хууль зүйн яаманд очих санаархлаа МАН-ын удирдлагуудад илэрхийлэх болсон.
Н.Энхбаяртай тохиролцох эсвэл толхилцох том үүрэг Л.Оюун-Эрдэнэд ногдож байна. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-аас ирэгсдээс гадна шинэ намын дарга Л.Оюун-Эрдэнэд нам доторх “ах” нартай ойлголцох, хамтрах том тохироо, улс төр хүлээж байгаа. Намын даргын хувьд, Ерөнхий сайдын хувьд ч. УИХ-д хэд хэд сонгогдчихсон, намдаа хандив өгдөг бизнесменүүд гээд 70-аад оны “ах” нар МАН-д олон бий. Шинэ, залуу намын дарга, Ерөнхий сайдтайгаа “ах” нар толхилцох, тохирох нь Н.Энхбаяраас илүү зовлон болж ч магадгүй.
Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүрэг гүйцэтгэгч болсны дараа Засгийн газартаа сэлгээ хийхээр тохиролцсон гэх. Одоогоор дөрвөн сайдыг чөлөөлж, томилох, хоёр яам нэмж байгуулах тохироонууд хийгдээд эхэлсэн гэх. Тухайлбал, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам зэрэг хэд хэдэн яамдын сайд нарыг өөрчлөх асуудал яригдаж, сайд нар ч явах бэлтгэлээ базааж эхэлсэн гэх. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдын суудлаа өгч, Улаанбаатар төмөр замын дарга болж, түүний оронд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ яригдаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайдын суудлаа өгч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр томилогдсоны дараа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болох тохироо хийсэн бөгөөд түүний оронд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, одоогийн дэд сайд М.Баярмагнай ч очих сурагтай. Бусад яамдын хувьд горилогчид олон байгаа бөгөөд одоогоор эцэслэсэн зүйл байхгүй аж.
Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам болон Цахим, инновацийн яам байгуулахаар төлөвлөж байгаа. Цахим яамыг УИХ-ын гишүүн Н.Учрал, Эдийн засгийн хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарт өгөх тохироо хийгдсэн гэх. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт байгаа учраас одоогийн гишүүн сайдыг солих уу эсвэл өөр тохиролцоо хийгдэх үү гэдэг асуудал ч хөндөгдөж байгаа гэнэ.