COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Товыг долдугаар сарын 10-нд зарлана хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлж байв.
Гэвч маргааш амралтын өдөр таарч байгаа тул Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг зарлах эсэхийг БШУЯ-наас тодруулахад “Олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагааны тов, хөл хорио тогтоох тухай зэрэг нийтийг хамарсан шийдвэрийг Засгийн газраас товлон зарлаж байхаар тогтсон. Иймд Элсэлтийн ерөнхий шалгалтын товыг Засгийн газар зарлах юм” гэв.
Тус яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40,420 шалгуулагч бий. Шалгуулагчдыг насны бүлгээр нь авч үзвэл:
- 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
- 25,082 нь 18 настнууд
- 1,675 нь 15-17 насныхан юм.