Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран бүлэг хулгайн хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, наймдугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хархорин сум дахь хийдэд хулгай орж, Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан хоёр ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг ширхэг, нийт зургаан ширхэг бурхан алдагдсан дуудлага, мэдээлэл ирсэн байна.
Улмаар алба хаагчид хойшлуулашгүй ажиллагаа явуулж урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ. Иймд сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.