ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэрийг өчигдөр шүүхийн байгууллагаас гаргасан. Энэ талаар өөртөө нь холбогдож тодруулахад “Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Салбар яамнаас давж заалдвал дараагийн шатны шүүх рүү шилжинэ. Хэрэв давж заалдахгүйгээр шийдвэр нь хэрэгжвэл болж л байна. Шүүхийн шийдвэрээр би ялбал өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан мөнгийг нөхөн төлнө. Хамгийн гол нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалууд маань төлөгдөнө. Надад тэтгэвэрт гарахад хэрэгтэй” гэв.
Түүнээс ажилдаа буцаан томилогдвол юун дээр төвлөрч ажиллах вэ гэхэд “Ирэх есдүгээр сард орон нутгаас хот руу ирэх хөдөлгөөн нэмэгдэж, халдварын тоо нэмэгдэнэ. Бас томуугийн улирал эхлэх учраас халдварын нөхцөл байдал амаргүй байх болов уу” гэсэн юм.
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яаманд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхээр маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан өчигдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Нэхэмжлэлийг авч хэлэлцээд Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэр гаргасан байна. Шүүх хурал нь хэд хэдэн удаа томилогдсон ч салбар яамнаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгтээ танилцахаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.