Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засаг – Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын уулзалт” өнөөдөр (2021.08.17) болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төр, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх бодлогыг Монгол Улсын Засгийн газрын 200 дахь хоногоос зарлаж байгаагаа мэдэгдэв.
Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон гадаадын хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
“ЭДИЙН ЗАСАГ 10 ДАХИН ТЭЛСЭН Ч АЛДАА, ОНОО БИЙ”
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Засгийн газраас цар тахлын дараах үеийн эдийн засаг ямар байх, ямар бодлого баримтлах талаар хурдтай ажил хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчидтай мэдээлэл солилцох нь зүйтэй. Засгийн газрын 200 дахь хоног тохиож байгаа энэ үед цар тахлын амаргүй нөхцөл байдал үргэлжилж байна. Дэлхийн бүх Засгийн газар цар тахлын даван туулах сорилттой тулгарч, стратегиа хуваалцаж, хамтдаа ажиллаж байгааг тэмдэглэх нь зүй. 100 хоног тутам Засгийн газар ажлаа тайлагнаж байгаа. Харин 200 дахь хоногоос гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн түншлэлээр цар тахлыг даван туулахад онцгой анхаарна. Ардчилалд шилжсэн 30 жилийн хугацаанд эдийн засаг 10 дахин тэлсэн ч алдаа, оноо бий. Үүнд өөрсдөдөө дүгнэлт хийж засч, залруулна.