Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг” санаачилгын хүрээнд тус улсын SD Biosensor үйлдвэрлэгчийн 300,000 ам.долларын үнэ бүхий 2,850 багц буюу 71,250 ширхэг түргэвчилсэн ононшлуурыг хандивлажээ.
Хандивыг өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Оношлуурыг хүлээн авах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд КОВИД-19 халдварын эхэн үеэс БНСУ-аас Монгол Улсад энэхүү өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд зориулж лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Тэрбээр “Хүн амын дунд коронавирусийн тархалт буурахгүй байгаа нөхцөлд БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн КОВИД-19 халдварын эсрэг төрөгчийг илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой юм” гэлээ.
Элчин сайд Ли Ё Хун хэлэхдээ КОВИД-19-ийн халдварын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг дурдаад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Инийн санаачилсан “Зүүн Хойд Азийн Эрүүл мэнд, халдвар хамгааллын салбарын хамтын нийгэмлэг”-ээс олгосон тусламж нь дээрх санаачлагын хүрээний хамтын ажиллагааны эхлэл болж байгааг онцлон тэмдэглэв.