Хайртай залуутайгаа гэрлэхийн тулд хэргэм зэргээсээ татгалзсан Японы гүнж Мако төрсөн гэр, эх орноо орхин, шинэ амьдрал эхлүүлэхээр АНУ-д иржээ. Тэрбээр оюутан цагаас үерхсэн Кей Комуро гэх энгийн залуутай өнгөрсөн аравдугаар сард хуримаа хийсэн юм.
Хосууд өчигдөр Токио хотын Нарита олон улсын нисэх буудлаас АНУ-ын Нью-Йорк хотыг зорин нисчээ. Тэднийг нисэх буудалд цагдаагийн цуваагаар хамгаалуулан өндөр хамгаалалт дор нисэх онгоцонд суулгасан байна. Үйл явдлыг сурвалжлахаар 100 орчим сэтгүүлч нисэх буудалд цугларчээ.
Хосууд Кей Комурогийн ажилладаг хуулийн фирм байрладаг Нью-Йорк хотноо суурьшихаар орон сууц түрээсэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Нөхрийнхөө овгийг авсан Мако гүнж Нью-Йорк хотноо ажил олж хийхээр төлөвлөжээ.