Монголын нууц товчооны уг эх, тайлал” сэдвээр салбарын эрдэмтэд өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Монголын нууц товчооны тайлбар 3 боть номыг танилцуулсан юм.
Уг ном нь 8,000 гаруй үгийг тайлсан, гүнзгий судалгаатай бүтээл болсон. Цэндгүнгийн орчуулсан эх дээр түшиглэж, олон нийтэд ойлгомжтой, танин мэдэхүйн шинж чанартай бүтээл гаргахаар эрдмийн баг ажилласан гэдгийг эрдэмтэд хэлэв.
Цэндгүнгийн орчуулсан Монголын нууц товчооны тайлбарт эхийн талаар Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Билгүүдэй “Монголын нууц товчоо бол Монголын их хаадын ордонд хадгалагддаг байсан бүтээл юм. Гэвч түүхийн явцад хятад үсгээр бичсэн ном болж хувирсан. Анх зохиогдсон 1228 оноос хойш 156 жилийн дараа ханз үсгээр тэмдэглэгдэж, Хятадын хааны ордонд хадгалагдсан байдаг. Ингэж хувирсан ном маань Юань улсын нууц түүх гэсэн нэрээр хятад газар дэлгэрсэн байжээ.
Монголын нууц товчооны эх 1382-1389 оны үед Хятадад хадгалагдаж байсан. Энэ эхийн талаарх занги мэдээг 19 дүгээр зууны үед эрдэмтэд мэдэх болсон. Улмаар хятад дүрс үсгээр галигласан эхийг сэргээх ажил эхэлсэн байдаг. Монгол нутагт зохиогдоод хятад үсгээр орж далдлагдсан байсан Монголын нууц товчооны эхийг эрдэмтэн Цэндгүн дахин эх хэлээр сэргээж, сийрүүлж бичсэн. Тэрбээр 1917 оны аравдугаар сард Монголын нууц товчоог монгол бичгээр сэргээж чадсан. Цэндгүнгийн энэхүү орчуулга бол дэлхийд анх удаа Монголын нууц товчооны эхийг Монгол бичгээр сэргээсэн ажил байсан” хэмээн хэлэв.