Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд иргэд хуурамч QR код ашиглан, замын хөдөлгөөнд оролцох зөрчил цөөнгүй гаргах болжээ. Тухайлбал, 1278УНУ дугаарын зөвшөөрлийг засварлан, 9129АРА болгож, замын хөдөлгөөнд оролцож байсныг алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хөл хорио тогтоосон үед үйл ажиллагааг нь хориглоогүй 18 салбарын ажилтан, алба хаагчид QR код бүхий зөвшөөрлөөр авто замын хөдөлгөөнд оролцох эрхтэй билээ. Харин бусад нь хөл хорионы дэглэмийг цуцлах хүртэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй юм. Иймд бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эрх олгосон хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдсэн бол Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар шийтгэх зохицуулалттай тул иргэдийг аль болох гэртээ байхыг холбогдох албаныхан санууллаа.