Covid-19-ийн халдвар буурахгүй, зарим улс оронд дахин дэгдэж, бүртгэгдсэн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас зарим улс орнууд хөл хориогоо чангатгаж, хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.
СӨҮЛД 2 ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ
Сөүлд маргаашнаас эхлэн 21:00 цагаас хойш зарим газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болов. Тодруулбал, БНСУ-ын нийслэл Сөүл хотод 2020 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагаас 18-ны өдрийг дуустал 2 долоо хоногийн турш өдөр бүр 21:00 цагаас хойш 300 м2-ээс дээш талбайтай дэлгүүр болон бусад үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нийтийн тээврийн зорчих тоог 30 хувь багасгах арга хэмжээ авахаар болжээ.
ТУРКТ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНГАЛАВ
Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч Даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдагон хөл хорионы дэглэмийг чангалж, ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд Баасан гаригийн 21:00 цагаас Даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн ‘Hes’ кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.
СИНГАПУР УЛС ‘КОВИД-19’-ИЙН PCR ШИНЖИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
Сингапур Улсын иргэд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ‘Ковид-19’- ийн вирусийн PCR оношилгоо шинжилгээнд нээлттэй хамрагдах боломжтой боллоо. Өнөөг хүртэл зөвхөн өвчний шинж тэмдэг илэрсэн болон Эрүүл мэндийн яамнаас шинжилгээ өгөх зөвшөөрөл авсан хүмүүс ‘PCR’-ийн шинжилгээнд хамрагдах боломжтой байсан юм. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвшөөрөгдсөн хувийн эмнэлгүүдэд урьдчилан цаг авч үйлчлүүлэх ба шинжилгээ. 200 синг.долларын төлбөртэй байх ажээ.