АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис хэвлэл мэдээллийн ажилтнуудын дэргэд “Moderna” компанийн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ.
Үйл явцыг “PBS” телевиз Вашингтон дахь эмнэлгийн төвөөс шууд дамжуулан үзүүлжээ.
Камала Харрис эмч нарт талархал илэрхийлэхийн сацуу вакцин хийлгэхийг бүх хүнд уриалжээ. “Вакцин гарган авсан, хэрэглэхийг зөвшөөрсөн эрдэмтдэд би итгэж байна. Таны вакцин хийлгэх ээлж ирвэл өөрийгөө дархлаажуулаарай. Энэ бол таны амь нас, гэр бүлийн гишүүд, олон хүний амийг аврахтай холбоотой чухал асуудал юм” хэмээн тэрбээр ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден 12 дугаар сарын 21-нд “Pfizer -BioNTech” компанийн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн юм. Энэ вакцинаар АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, түүний гэргий Карен Пенс нар мөн тариулжээ.