Kоронавирусийн эсрэг вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өгөв.
Тэрбээр ‘Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэдийг сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулдаг. Covid-19-ийн эсрэг вакцинд нийт хүн амын 60 хувийг хамруулна. Вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг гурван түвшинд бэлтгэсэн. Вакциныг 2-8 хэмд, мөн -20 хэмд хадгалах төхөөрөмж байдаг. Шинээр -70 хэмд хадгалах 26 ширхэг хөлдөөгч саяхан авсан. Мөн 388 литрийн багтаамжтай таван ширхэг хөргөгчтэй болсон. Ингэснээр гурван төрөлд хадгалах зориулалттай вакциныг үндэсний хэмжээнд хадгалах бүрэн боломжтой болсон.
Улс орнуудад COVID-19-ийн эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байгаа.
Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог’ гэлээ.