Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж улсын хэмжээнд нийт 7014 тохиолдолд бүртгэгдээд байна. Эрдэмтэн, судлаачдын зүгээс халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалтыг хөл хориотой хослуулах шаардлагатай гэж үзээд ойрын хугацаанд хөл хорио тогтоохыг зөвлөж байгаа юм. Харин Эрүүл мэндийн яам ойрын өдрүүдэд хөл хорио тогтоох эсэх асуудалд ямар бодлого баримталж байгааг Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшингээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ–өөс халдварын гинжин хэлхээг зогсоох хатуухан арга санал болгож байгаа. Үүнд хөл хорио, тусгаарлалт, хязгаарлалтын арга багтаж байгаа. Гэхдээ иргэдийн санал хүсэлтийг харгалзаж, эдийн засгаа орхигдуулахгүй байх шийдвэрийг бас баримталж байна. Халдвар гарсан даруйд хөл хорио тогтох зэрэг арга хэмжээ авснаас болоод эдийн засгийн байдалд хүндрэл үүссэн болохоор өөр ямар арга байж болох талаар ярилцаж байна. Хязгаарлалтын арга хэмжээ хийгдэх ёстой. Хэзээ гэдэг дээр тодорхой хариу өгөхөд эрт байна. Энэ талаарх тооцоолол хийгдсэн ч тал талаас ярилцаж байж хугацааг шийдвэрлэнэ” гэлээ.