Хятадын өмнөд хязгаарын Юннань мужид заан сүргийн нэгэн нууцлаг нүүдэл үргэлжилж байна.
2020 оны гуравдугаар сард 16 заантай сүрэг төрөлх ширэнгээсээ гарч, умард зүгийг зорин нүүдэллэж эхэлжээ.
Замдаа зарим нэг нь хоцорч, шинээр тугал төрүүлсээр одоо тоо толгой нь 15 болсон байна. Тэд чухам яагаад умард зүгийг зорин зогсолтгүй нүүж байгааг эрдэмтэн судлаачид тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ.
Зургаадугаар сарын 2-ны өдөр заан сүрэг Юннань мужийн нийслэл Кунминь хотод орж иржээ. Заанууд замдаа тариан талбай, өмч хөрөнгө сүйтгэж байгаа ба өнгөрсөн хугацаанд учруулсан хохирлын хэмжээ нь $1.1 сая орчим болсон байна.
Гэвч Хятадын хуулиар Азийн заан хэмээх энэ амьтныг хамгаалж, дархалсан тул хүчээр зогсоохыг оролдохгүй байгаа ажээ.
Харин ч заануудад болон зам зуур тааралдсан хүмүүст аюул учрахаас сэргийлж, суурьшлын бүсээс холуур явуулах, замыг нь залах арга хэмжээ авч байгаа гэнэ. Нийтдээ 510 хүн, 110 гаруй автомашин заан сүргийн нүүдлийг том хот суурингуудаас холуур өнгөрүүлэх зорилготой ажиллаж байгааг Синьхуа агентлаг мэдээлжээ.
Ням гарагт Юннань мужийн захиргаа 14 дрон бүхий тусгай багийг байгуулж, заануудын нүүдлийн чиглэлийг урьдчилж тодорхойлох ажлыг эхлүүлсэн байна.
Заан сүргийн уугуул нутаг нь өмнөд хязгаарын Шишуаньбанна Дай автономит тойргийн дархан цаазат газар юм. Тэгвэл одоо тэд нутгаасаа 500 орчим километр холдоод байгаа гэнэ.
Эх сурвалж: Russia Today