Хоногт батлагдах халдварын нийт тохиолдолд хүүхдийн эзлэх хувь өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлсэн. Ингэхдээ вакцин хийлгээгүй буюу Covid-19 халдвар тархах эрсдэлтэй бүлэгт хүүхдүүд багтаж буй.
Манай улсын эрдэмтдийн баг хүүхдийг вакцинд хамруулах талаар судалж байгаа бөгөөд дархлаажуулалтыг эхлүүлэх талаар УОК-ын албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Хэрэв Монгол Улс 12-оос дээш насны нийт хүүхдийг сайн дурын үндсэн дээр “Файзер” вакцинд хамруулах шийдвэр гаргавал богино хугацаанд татан авалт хийж, вакцинжуулах ажил эхэлнэ гэдгээ ЭМЯ-аас мэдээлсэн юм. Гэхдээ эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ сайн дурын дархлаажуулалтад хамруулах хүсэлтийг тавьж байгаа аж.
Иймээс өнөөдрөөс эхлэн хэрвээ эцэг, эхчүүд өөрсдөө хүсвэл дархлаажуулалтын цэг дээр очиж, 16-17 насны хүүхдээ “Файзер” вакцинд хамруулах боломжтой болжээ. Ингэхдээ гадаадын улс орон руу суралцахаар явах гэж буй болон элсэлтийн шалгалт өгөх хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол вакцинд хамруулах боломжтой аж.