УИХ-ын цахим нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар бүхэлд нь баталлаа.
УИХ хуульд заасан хугацаандаа онцгой нөхцөл байдалд Монгол Улсын 2021 оны төсвийг баталлаа. Гэхдээ Covid-19-ийн халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Үүнийг ч УИХ-ын гишүүд хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжиж байгаагаа тодотголоо.
Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан.
Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор баталлаа.
—УИХ ЭРГЭН ТОДОТГОЛ ХИЙХЭЭР 2021 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА—
Түүнчлэн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдээс тодорой харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 140 хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт болон ЖДҮХС-д нэг ч төгрөг –суулгасангүй
Эдийн засагчид, шинжээчид 2021 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, тэр дундаа цар тахлын үед дахин 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон нь хэтэрхий өөдрөг, биелэх боломж бага учраас төсвийн орлого тасрах эрсдэл байгааг сануулсан ч ийнхүү ирэх оны төсвийг хуучин хэвээр нь баталлаа.