Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүд хэвийн ажиллаж байна.
Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн долоо хоногт 281 цэгээр борлуулж байсныг 100-гаар нэмэгдүүлээд байгаа. Ирэх сарын нэгнээс 600 гаруй цэгт шахмал түлшийг худалдана. Ингэхдээ Засгийн газраас 50 хувийн хөнгөлөлттэй үнээр ирэх оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл борлуулах юм.
Сүүлийн үед цаг агаар хүйтэрч буйтай холбоотой сайжруулсан шахмал түлшний эрэлт, борлуулах цэгийн ачаалал нэмэгдээд байгаа. Нөхцөл байдал ямар байгаа талаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороон дахь сайжруулсан түлш борлуулах 198 дугаар цэгийн борлуулагч Г.Нараагаас тодрууллаа.
-Сайжруулсан шахмал түлш борлуулахад ямар нэг хүндрэл гарч байна уу?
Түлшний борлуулалт хэвийн, ачаалалгүй, жирийн үеийн горимоор л явж байна даа.
-Танайх одоогоор хэдэн тонн нөөцтэй, өдөрт хэдэн шуудайг зарж байна вэ?
Өчигдөр орой 5 тонн шахмал түлшний үлдэгдэлтэй байсан. Өглөө 5 тонныг нэмж аваад өнөөдөр 10 тонн түлш зарж байна.
-Шахмал түлшний хомсдол үүссэн гэсэн мэдээлэл гарч байна. Танайд байдал ямар байна?
Өнгөрсөн хэд хоногт гэнэт хүйтэрснээс түлшний хомсдол үүссэн байх. Манай цэгийн хувьд энэ сарын гуравнаас ажиллаж эхэлсэн. Одоогоор хомсдоод, очерлож дугаарлан, ачаалал үүсгэсэн зүйл алга даа.
-Он дуусаад түлшний үнэ нэмэх байх гэсэн болгоомжиллоор иргэд бөөндөж авах тохиолдол ажиглагдав уу?
Хүмүүсийн хардлагатай холбоотой болов уу гэж бодож байна. Учир нь амьдралын нөхцөл байдал, янз бүрийн шалтгааны улмаас тухайлбал, өндөр настай айлын түлшийг 2-3 хоногоор авах, хөрш айлууд нэг жижиг машинаар хамтдаа ирж авах зэргээр бөөнөөр авч байгаа мэт харагдах ганц нэг тохиолдол гардаг. Үүнийг хөндлөнгөөс харсан хүмүүс л бөөндөөд авчихлаа гэж харддаг байх. Бид зохих журмын дагуу нэг өрхөд зургаан шуудайг картаар олгож байгаа. Картаар нүүрсээ худалдаж авдаг болоод бараг гурав дахь жилтэйгээ золгож байна. Одоо энэ зарчмыг ойлгохгүй, мэдэхгүй хүн гэж бараг байхгүй биз ээ.