Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг түүхэн ойг угтан Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг үндэсний бичгээр бичиж, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газарт гардуулан өглөө.
НҮБ-ын дүрмийг үндэсний уран бичлэгээр үйлдэх ажил аян хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Монгол дуу, дүрс сангийн санаачилгаар Бичиг соёл төв, Хүмүүн бичиг сонин, Олон улсын монгол уран бичлэгийн холбоотой хамтран ажиллажээ.
Аян 2021 оны зургаадугаар сарын 15-наас аравдугаар сарын 26-ны хооронд зохион байгуулагдаж, нийслэл хот болон 21 аймгийг төлөөлсөн 11-19 насны 37 сурагч, хүүхэд НҮБ-ын 111 зүйл бүхий дүрмийг А3 хэмжээтэй тусгай цаасан дээр бийрээр уран бичин үйлдсэнийг хавтаслан ном болгожээ.
Мөн тухайн аяны явцыг харуулсан гэрэл зургууд, уран бичээч хүүхдүүдийн ярилцлага, сэтгэгдэл бүхий тусгай товхимлыг хэвлүүлсэн байна.