Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн ч амжилт олоогүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн сарын 25-нд гаргасан. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг үндэслэн байнгын хороо, чуулганы хуралдаанаас дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, нэр бүхий дөрвөн гишүүн дээр Ц.Анандбазарыг нэмж, УИХ-д дахин санал хүргүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн бүрэн эрхийг түлгэлзүүлэхгүйгээр шалгуулах боломжтой гэж үзсэн. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэр бүхий гишүүдийг хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авахгүйгээр шууд яллах эрсдэлтэй гэж үзсэн байж болох талтай.
Ямартай ч УЕП-оос УИХ-ын дөрвөн гишүүнээс гадна Ц.Ананбазарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг тавихаар төлөвлөж байгаа аж. Ц.Анандбазарын хувьд бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Өмнө нь дээрх гишүүдийн хамт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай мэдээлэл гарсан ч хойшлуулаад байсан юм.
Мөрдөн шалгалтын явцад дээрх гишүүд саад учруулсан гэж үзсэн учраас Улсын ерөнхий прокурор тэдний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн байдаг.
Улс төрийн хүрээнд эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хоёр дахь удаа Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирлээ гэж бодоход тавууланг нь авч үлдэхэд хэцүү. УИХ өөрөө муухай харагдахын зэрэгцээ олон нийтийн уур бухимдлыг төрүүлэх билээ. Хэрвээ ганцхан Ц.Анандбазарыг явуулаад, нөгөө дөрвийг нь авч үлдэх шийдвэр гаргавал УИХ бүр ч муухай харагдах билээ.