Барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын талаар Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-ын дарга С.Мөнхчулуунаас тодрууллаа.
-Монгол Улсын хэмжээнд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоон мэдээлэл байна. Барьцаалан зээлдүүлэх төвүүдэд гол төлөв ямар зөрчил гарч байна вэ?
-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр манайд улсын зургаан байцаагч ажиллаж байгаа. Гэхдээ улсын зургаан байцаагч 1,000 гаруй ломбардыг бүгдийг нь шалгана гэж байхгүй. Тиймээс дүүрэг тус бүрд түүврийн аргаар шалгалт хийсэн. Хяналт, шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгжийн 80 хувь нь хууль зөрчиж ажиллаж байгаа талаар дүгнэлт гарсан.
-Зөрчилтэй ломбардуудад ямар арга хэмжээ тооцож байна вэ?
-Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаагийн шалгалтаар дахин зөрчил гаргасан байгууллагуудад торгуулийн арга хэмжээ тооцсон. Харин шинээр зөрчил илэрч байгаа газруудад улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байгаа.
-Барьцаалан зээлдүүлэх төвүүд иргэдийн эд хөрөнгийг цааш худалдан борлуулдаг, хүүг өндөр үнээр тооцдог гэх мэтчилэн зөрчил гаргадаг. Тэгвэл энэ удаагийн шалгалтаар ямар зөрчил тогтоогдов?
-КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл мөрдөх юм.
Тус хуульд “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж заасан. Гэтэл зарим ломбард зээлийн хүүг гурван хувиас, алдангийн хэмжээг 0.2 хувиас хэтрүүлэн тогтоож, хэрэглэгчидтэй гэрээ байгуулах замаар хэрэглэгчийн эрхийг хохироож, хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Зарим барьцаалан зээлдүүлэх газар нь хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ыг хэрэгжүүлэхгүй байх зэрэг зөрчил нийтлэг илэрч байна.
-Иргэдийн эд зүйлийг цааш худалдан борлуулах зөрчил ломбардуудад түгээмэл ажиглагддаг. Энэ талаар тодруулбал?
-Үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Тухайн иргэний бараа бүтээгдэхүүнийг өөрийнх нь зөвшөөрөлгүй худалдан борлуулахыг хуулиар хориглосон байдаг.
Өөрөөр хэлбэл, бусдын өмчийг худалдан борлуулж болохгүй гэдгийг шаардах эрхтэй. Мөн илүү хураамж, шимтгэл төлөхгүй хэмээн шаардах эрхийг иргэдэд хуулиар олгож өгсөн байдаг.
-Цар тахлын үед мөрдөж байсан хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусвал барьцаалан зээлдүүлэх төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах бол?
-Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголбанкны зүгээс Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль өргөн барьж байгаа. Энэ хуулийг намрын чуулганаар өргөн барина гэж ойлгож байна. Дэлхийн 100 гаруй улсад санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуультай байдаг. Хэрэглэгчийг хохироохгүй байх, хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх гэх мэтчилэн эрх зүйн актын хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөх болов уу.