Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 82 дахь удаагийн шагнал гардуулах ёслол энэ цаг мөчид Лос-Анжелес хотноо болж, комедиан Никки Глейсер хөтлөн явуулж байна.
Энэ удаагийн наадамд анх удаа нэр дэвшиж буй 26 хүн байгаагийн дотор “Emilia Perez” кинонд дүр бүтээсэн Зои Салдана, “Wicked” мюзикл кинонд тоглосон дуучин Ариана Гранде нар багтаж байна. Харин телевизийн төрөлд “The Bear” цуврал хамгийн олон шагналд нэр дэвшжээ.
Ингээд Америкийн жүжигчин Зои Салдана “Emilia Perez” кинонд бүтээсэн дүрээрээ хамгийн эхний шагналын эзнээр тодорч, “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа. Тэрбээр анхны “Алтан бөмбөрцөг”-өө гардан авах үедээ нулимс дуслуулан маш их талархаж байгаагаа илэрхийлээд, өөрийнх нь хувьд энэхүү нэр хүндтэй наадамд анх удаа нэр дэвшиж байгааг онцоллоо.
Түүний дараа Америкийн жүжигчин Жин Смарт “Hacks” кинонд бүтээсэн дүрээрээ “Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо.
Мөн Америкийн жүжигчин Киран Калкин “A Real Pain” киноны дүрээрээ “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан байна.
Харин Японы жүжигчин Хироюки Санада “Shōgun” цувралд бүтээсэн дүрээрээ “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг” хүртлээ.
Түүний дараа Английн жүжигчин Жессика Ганнинг “Baby Reindeer” цувралын галзуу мөшгигчийн дүрээрээ “Телевизийн цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд шалгарчээ.
Тэгвэл “Телевизийн цувралын шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг Японы Таданобү Асано хүртсэн нь “Shōgun”-ы ээлжит ялалт байлаа.
Мөн Америкийн жүжигчин Жереми Аллен Уайт “Алтан бөмбөрцөг”-ийн “Мюзикл/инээдмийн киноны гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна. Харин шинэ пап ламыг сонгох нууцлаг ажиллагааны талаар өгүүлдэг “Conclave” кино “Шилдэг кино зохиол”-ын шагналыг хүртлээ.