Өвлийн аялал аялал жуулчлалын хамгийн том эвент болох “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяр ирэх сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд “Хайчийн ам”-д эхэлнэ.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ” хүндэтгэл үзүүлэх “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байгаа нь энэ. Зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж төлөвлөгөө, зохион байгуулах үйл ажиллагааны талаар санал солилцжээ. “Хөх сувд-2025” олон улсын мөсний баярыг зохион байгуулах комиссын даргаар тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ажиллах юм. 10 хоногийн турш үргэлжлэх энэхүү баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил сар шинийн баяртай холбогдуулан хугацааг 14 хоногоор урагшлуулсан байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар “Мөсний баяр” хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.
Харин 2001 оноос “Мөсний баяр”-ын хүрээ тэлсээр жил бүр уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал эвент үйл ажиллагаа болж өргөжин хөгжиж байгаа юм.
Өнгөрсөн жилийн “Хөх сувд-2024” мөсний баярт дотоод, гадаадын 20 мянга гаруй жуулчин оролцсон байна.