Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, монгол брэндээр гаднын жуулчдыг татах зорилготой хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Үүнийг нэг нь Өмнөговь аймагт болдог “Түмэн тэмээний баяр” юм. 1997 оноос эхлэлтэй тус баярыг манай улс 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, “Түмэн тэмээний баяр-2025” үйл ажиллагаа ирэх сарын 1-3-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд болно. Энэ үеэр хурдан тайлаг, тором, атны уралдаан зохион байгуулахаас гадна тэмээтэй сайхан хос, шилмэл ингэ, буурлыг шалгаруулах аж.
Говийн өвлийн аялал жуулчлалын томоохон үйл ажиллагааны нэг болох тус баяр нь хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллагааны арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилготой ажээ. Тус үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлсээр 2016 онд хурдан тэмээний уралдааныг зохион байгуулж, 1108 тэмээг барианд оруулан Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан түүхтэй.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн “Түмэн тэмээний баяр”-ыг гадаад, дотоодын 9000 орчим жуулчин үзэж, сонирхсон байна.