Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд гишүүд асуулт, тодруулга авч байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Дараа нь Цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Энгийнээр тайлбарлавал, 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахгүй гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Уг дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд хүлээж авах үндэслэлгүй гэж үзсэн юм.
2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолох вэ гэдэг аргачлалыг шинээр тогтоосон. Тухайн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татагдах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Яллагдагчаар татсанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн зохицуулалтыг тусгасан. Одоо энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээж авсангүй. Ингэснээр 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээн шалгах одоогийн хуулийн зохицуулалт хэвээр үлдлээ.