Монгол хүн урласан, сарлагийн арьсан бөмбөг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/-ны стандартад хүлээн зөвшөөрөгдөх боломж байна.
Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал, хатагтай Стефани Бурри, Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны захирал С.Монголжингоо нартай лхагва гарагт уулзахдаа энэ талаар онцолжээ.
“Хүүхэд бүрт бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд сарлагийн цэвэр арьсаар бөмбөг урлаж байгаа юм. Тус бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдаж байсан ч үйлдвэрлэлийн явцад албан ёсны тоглолтын бөмбөг ч болох боломжтойгоор урлал хийц нь хөгжжээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 онд “Зев” бөмбөгний брендийг бүтээж буй хүмүүстэй уулзаж дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан юм. Энэ удаа ч МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Монголд үйлдвэрлэсэн бөмбөгийг дэлхийн стандартад гаргах уг ажлыг дэмжин ажиллахаа хэлэв.
Ташрамд сонирхуулахад, Монгол сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийг Монголдоо үйлдвэрлээд эхэлсэн бөгөөд Швейцарын хөгжлийн агентлаг Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/-той бөмбөг нийлүүлэх хэлэлцээр эхлүүлэх асуудал хөндөгдөөд байгаа аж. Бар кодыг нь уншуулаад аль аймаг сумаас гаралтайг нь төдийгүй тухайн малчин хэр хариуцлагатайг мэдэж болох аж. Энэ нь гарал үүслийн гэрчилгээ гэсэн үг бөгөөд одоогоор энэ апп нь андройд дээр байгаа юм.
Монгол Улсын нэг сум, аймаг ФИФА-гийн хөл бөмбөгний албан ёсны нийлүүлэгч болж, дэлхийн брэнд үйлдвэрлэгчээр нэрлэгдвэл Монголын нүүдлийн ахуй, соёл болон мал аж ахуйн бүхий л бүтээгдэхүүн, түүхий эд олон улсад үнэ цэнэтэй болох үүд хаалга нээгдэх бас нэг боломж юм.