Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна. Халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас Боловсрол шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ. Тодруулбал,
- Ерөнхий боловсролын сургуулийн 1-3 ангийн сурагчдыг нөгөөдрөөс эхлэн тавдугаар сарын 10-наас амраах,
- Дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин 12 анги тавдугаар сарын 14-өөс амарч, элсэлтийн ерөнхий шалтгалтын давтлагад хамрагдана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-аас удахгүй өгөх юм байна.
Сурагчдын амралтыг зохицуулах эрх мэдэл нь салбарын сайдад байгаа учраас сайд эрх мэдлийнхээ хүрээнд тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зааврын дагуу гаргаж байгаа гэдгийг яамнаас онцолсон юм. Дашрамд дурдахад, цар тахал гарахаас өмнө нийслэл болон орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас, 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 8-аас эхэлдэг байв.