Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын дээд, доод бүтцийн ажил үндсэндээ дуусаж, 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх гэж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орж, төслийг Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, улмаар Бичигт боомт рүү үргэлжлүүлэх юм бол Монголын эдийн засаг сэргэж, эзэнгүй болж байгаа говь эзэнтэй болж, говийн баялгийг ашиглах дэд бүтэцтэй болж байгаа юм. Ингэснээрээ Монголын эдийн засаг 3-5 дахин өсөх тооцоо гарсан байдаг.
ТӨСЛИЙН ОНЦЛОХ ТОО, БАРИМТ:
- Газар шорооны ажил: 5 сая куб.метр
- Хамгийн том ухмал: 4 км урт, 16 метр гүн ухмалын ажил
- Хамгийн өндөр чулуун далан: 2 км урт, 15 метр өндөр далан буюу 95-98 хувийн нягтралттай 30 см өндөртэй 50 үе
- Ус өнгөрүүлэх хоолой:595 ширхэг
- Гүүр: 27
- Хамгийн урт гүүр: 200 метр урт
- Гарц: 8
- Чулуу бутлуурын үйлдвэрийн тоо: 6үйлдвэр
- Бетон зуурмагийн үйлдвэр: 20үйлдвэр
- Дээд бүтцийн балласт: 819,000куб.метр
- Нийт машин, техникийн тоо: 4,000орчим
- Нийт ажилласан хүний тоо: 10мянга орчим
- Хугацаат цэргийн алба хаагчид: 1,000орчим
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан юм. Тодруулбал, тус төмөр замын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний 10 гаруй анги, туслан гүйцэтгэгч дотоодын 60 гаруй аж ахуйн нэгжийн 6,000 орчим алба, ажилчид 1.2 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн. Харин төмөр замын дээд бүтцийн үндсэн бүрдэл хэсэг болох рейльс төмрийг угсрах, 2 үе балластыг дэвсэх, чигжих ажилд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн туслан гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб оролцож, 195 км, 221 км-ийн ажлыг тус тус хуваан гүйцэтгэжээ. Мөн төмөр зам дагасан 6 зөрлөг, 1 өртөөний барилгын ажлыг мөн Зэвсэгт хүчний ангиуд барьж дуусгаад байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замын төслийг дуусгасны дараа Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбож, улмаар Сүхбаатар, Дорнод аймгаар дамжуулан Бичигтийн боомттой холбох төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлагатай.
Тус төсөл дээр ажилласан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон дотоодын аж ахуйн нэгжүүд төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах туршлагыг хуримтлуулж, техник, хэрэгслийн нөөцтэй болсон учир Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг өөрсдийн хүчин чадлаар барьж байгуулах бүрэн нөөц бололцоотой болсон юм.
Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг Бичигтийн боомт хүртэл барьж байгуулснаар төмөр замын дагуу байрлах 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах, нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, транзит тээврийн маршрутыг хөгжүүлэх замаар эдийн засгийг тэлэх, нэг зах зээлээс хараат бус байдлыг бий болгох ач холбогдолтой. Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусахаар суурь бүтэц эзэмшиж, ашиглалтын үйл ажиллагааг нь Засгийн газрын 117-р тогтоолоор байгуулагдсан “Зүүнбаян төмөр зам” ХХК хариуцан ажиллана.