- ….Би Covid-19-ийн халдвар аваад эдгэсэн. 14 хонож байгаа боловч ханиалгах нь намдахгүй байна. Бас маш их ядарч, сульдаж байна
- ….Халдвар авснаас хойш амархан ядарч, сульдах болсон. Нойронд өөрчлөлт орох, амьсгалах үед цээж бүрэн амьсгалж чадахгүй шинж тэмдэг илрэх болсон.
- … Халдвар аваад эдгээд маш их удаж байгаа ч толгой эргэх зэрэг шинж тэмдэг, амьсгалахад хүндрэлтэй байгаа учир рентгенд харуулна.
- ….Өвдөөд эдгэсний дараа ханиалгаад амархан ахин ханиад хүрэх, зүрхний цохилт олшрох хавагнах стресст орох зэрэг шинж байдаг юм байна.
Энэ мэтчилэн халдвар аваад эдгэсний дараах шинж тэмдэгтэй хүмүүс маш их бий. Эрүүл мэндийн яамнаас нь халдварын шинж тэмдэг 6-7 сар мэдрэгдэх, илэрч болно гэдгийг анхааруулж буй. Ихэнх тохиолдолд халдвар авсан бол дахин рентгенд уушгиа харуулах, өөртөө анхаарч, нөхөн сэргээх эмчилгээ хийх ёстой аж.
Сүүлийн үед улс орнууд халдвар авч, эдгэсний дараах хүнд үзүүлэх эрүүл мэндийн нөлөөллийн судалгааг эрчимжүүлж эхэлсэн. Халдвар аваад эдгэсний дараа хүний биед, сэтгэлтзүйд ч нөлөөлж байна гэдгийг зарим судалгаанууд харуулж байна. Харин манайд халдвар аваад эдгэсний дараа ямар хүндрэл учирч болох талаар одоохондоо судалгаа, мэдээлэл алга. Гэхдээ халдвар авсны дараа анхаарах ёстой зөвлөмжүүд бий. Тухайлбал, амин дэмээр баялаг хоол хүнч хэрэглэх, архи, тамхинаас татгалзах, илүү сайн амрах зэргээр биедээ анхаарч байх зөвлөмжийг хүргэж байна.
“COVID-19-ӨӨР ӨВДӨӨД ЭДГЭСНИЙ ДАРАА АНХААРАХ ЗӨВЛӨМЖ”
“Халдвар авсан үед тархины мананцар үүсдэг, эдгэсний дараа ч тодорхой хугацаанд арилдаггүй үлдэцтэй байдаг. Мөн архаг сульдаа, архаг ядаргаа, хууч өвчин сэдрэх, уушгины үлдэц, ханиалга, цээжний өвдөлтүүд үлдэх ноцтой үр дагавартай. Эдгэсэн хүмүүсийн тухайд сүүлийн үед чихрийн шижинтэй болж байгаа нь нойр булчирхайн инсулин ялгардаг эсүүдийг гэмтээдэг байж болзошгүй. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээ талаас уламжлалт анагаах ухаан их үр дүнтэй байна. Физик эмчилгээ, бариа засал бол их үр дүнтэй. Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа халдвар авч эдгэсэн хүмүүсийн тухайд, тархины мананцар нь арилдаггүй зовиур арилдаггүй асуудал маш их ярьж байна. Иймд Covid-19 халдварын дараах ужиг өвчнийг эмчлэх, нөхөн сэргээх чиглэлд Засгийн газар анхаарах ёстой” гэдгийг Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа анхааруулж байсан.
Тиймээс Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбарынхан халдвартай “дайтахаас” гадна халдвар авсны дараах нөхөн сэргээх эмчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэгт анхаарах цаг болжээ. Нэгэнт Covid-19-ийн цар тахал алга болохгүй, урт хугацаанд байна гэж үзвэл халдварын дараах эрсдэлүүдээ тооцож, арга хэмжээ авах, судалгаа шинжилгээг халдвартай тэмцэхтэйгээ зэрэгцүүлээд хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд ч дэлхийн бусад улс орны жишээнүүд ч харуулсаар байна.